Үндсэн агуулга руу алгасах
BD Systems AsiaАлбан ёсны түншBitdefender Country Partner (шинэ цонхонд)
Мэдээлэл тань алдагдсан уу? Үнэгүй шалгах →
Аюул илрүүлэх, устгах

Утас минь хакердсан эсэхийг яаж мэдэх вэ?

Батарей хурдан дуусах, суулгаагүй апп гарах, хүсээгүй баталгаажуулах код ирэх зэрэг шинж тэмдэг, iPhone ба Android дээр хаанаас шалгах, хакердсан гэж сэжиглэвэл дарааллаар хийх 7 алхам.

Total SecurityMobile SecurityAndroidiOSШинэчилсэн: 2026.11.26

Товчхондоо

  • Нэг шинж тэмдэг дангаараа баталгаа биш — хэд хэд зэрэг илэрвэл анхаар.
  • Эхлээд нислэгийн горим асааж, танихгүй апп, профайлыг устгаад хамгаалалтын аппаар шалга.
  • Нууц үгээ өөр төхөөрөмжөөс сольж, 2FA асаа.

Товч хариулт: Батарей ердийнхөөс хурдан дуусах, ашиглаагүй байхад халах, суулгаагүй апп гарч ирэх, хүсээгүй баталгаажуулах код ирэх, Wi-Fi-тай байхад ч мобайл дата их зарцуулах нь утас хакердсаны шинж тэмдэг байж болно. Гэхдээ нэг шинж тэмдэг дангаараа баталгаа биш — хуучирсан батарей, шинэчлэлт, хүнд апп ч ийм болгодог. Хэд хэдэн шинж тэмдэг зэрэг илэрвэл доорх алхмуудыг дарааллаар нь хий.

Шинж тэмдэг ба хаанаас шалгах вэ?

Тохиргооны нэр утасны загвар, хувилбараас хамаарч бага зэрэг өөр байж болно.

Шинж тэмдэгiPhoneAndroid
Батарей хурдан дуусах, ашиглаагүй байхад халахSettings → Battery (Батарей)Settings → Battery → Battery usage
Танихгүй апп, систем мэт нэртэй аппSettings → General → iPhone StorageSettings → Apps (суулгасан огноогоор нь харах)
Хүсээгүй баталгаажуулах код, илгээгээгүй мессеж, гадаадын танихгүй дуудлагаМессеж, дуудлагын түүхМессеж, дуудлагын түүх
Wi-Fi-тай байхад ч мобайл дата өсөхSettings → Cellular (Мобайл дата)Settings → Network & internet → Mobile network → App data usage
Браузер өөр сайт руу шилжүүлэх, гэнэтийн цонх (pop-up) гарахSafariChrome
Апп гацах, гэнэт дахин асах, камер, микрофон өөрөө асахДэлгэцийн дээд талд ногоон (камер) эсвэл улбар шар (микрофон) цэгДэлгэцийн дээд талд ногоон тэмдэг

Хакердсан гэж сэжиглэвэл юу хийх вэ?

  1. Сүлжээнээс салга. Airplane Mode (нислэгийн горим) асаа. Утас хачин үйлдэлтэй хэвээр бол бүр унтраа.
  2. Чухал зүйлсээ л нөөцөл. Зураг, бичлэг, харилцагчид, мессежээ хадгал. Апп, тохиргоог нөөцөлж болохгүй — хортой зүйл хамт хуулагдаж магадгүй.
  3. Танихгүй апп, профайлыг устга. Android: Settings → Apps → See all apps (бүх апп). iPhone: Settings → General → VPN & Device Management хэсэгт танихгүй профайл байвал устга.
  4. Хамгаалалтын аппаар шалга.
    • Android дээр Bitdefender Mobile Security-ийн Malware Scanner (хортой программ илрүүлэгч) суулгасан апп бүрийг шалгана. Сэжигтэй апп устгасны дараа болон утсаа дахин асаасны дараа дахин шалга.
    • iPhone дээр Bitdefender Mobile Security төхөөрөмжийн тохиргооны эрсдэлийг шалгаж (Security Scan), фишинг, аюултай сайтыг хааж (Web Protection), мессежээр ирсэн хортой холбоосыг шүүнэ (Scam Alert).
  5. Арилахгүй бол factory reset хий. Утсыг үйлдвэрийн тохиргоонд нь буцаа. Хакердсан байх үед хийсэн нөөцөөс бүхэлд нь сэргээж болохгүй.
  6. Бүртгэлээ хамгаал. Өөр, цэвэр төхөөрөмжөөс и-мэйл, банк, сошиал хаягийнхаа нууц үгийг сольж, хоёр шатлалт баталгаажуулалт (2FA) асаа. SMS-ээс илүү баталгаажуулагч апп (authenticator) найдвартай.
  7. Цаашид сэргийл. Утасныхаа программыг шинэчилж байх, аппыг зөвхөн App Store, Google Play-ээс суулгах, апп бүрт зөвхөн хэрэгтэй зөвшөөрлийг өгөх, нийтийн Wi-Fi-д VPN ашиглах, «яаралтай» гэсэн мессежийн холбоосыг шууд дарахгүй байх.
Банкны апп-аас тань танихгүй гүйлгээ хийгдсэн бол бусад алхмаас өмнө банкиндаа шууд залгаж, картаа түр хаалгаарай. Дэлгэрэнгүйг залиланд өртсөн бол юу хийх тухай нийтлэлээс үз.

Түгээмэл асуулт

iPhone хакердагдах уу?

Тийм, тохиолддог. iPhone-д халдлага ихэвчлэн SMS, хуанлийн хуурамч урилга, фишинг холбоосоор ирдэг. Утсаа шинэчилж, танихгүй холбоос дарахгүй байх нь хамгийн том хамгаалалт.

Хэн нэгэн миний утсанд тагнуулын апп суулгасан бол яах вэ?

Танихгүй апп, профайл, Android дээр Device admin apps (төхөөрөмжийн админ эрхтэй апп) байгаа эсэхийг шалга. Дэлгэрэнгүйг тагнуулын программын тухай нийтлэлээс үз.

Хэрэв ойр хүн тань суулгасан гэж сэжиглэж байгаа бөгөөд энэ нь таны аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй бол апп-ыг устгахаасаа өмнө итгэдэг хүн эсвэл цагдаагаас (102) зөвлөгөө аваарай — апп устгавал суулгасан хүн мэдэж болно.

Factory reset хийвэл бүх зүйл устах уу?

Тийм, утсан дээрх бүх апп, мэдээлэл устна. Тиймээс эхлээд зураг, харилцагч зэрэг чухал зүйлсээ нөөцөл.

Шинж тэмдэг байхгүй бол аюулгүй гэсэн үг үү?

Ихэнх тохиолдолд тийм ч зарим тагнуулын программ ил шинж тэмдэггүй ажилладаг. Утсаа шинэчилж, хамгаалалтын апп ашиглах нь урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга.

Дараагийн алхам

  • Bitdefender Mobile Security — Android, iPhone-ыг хортой апп, фишинг, залилангийн мессежээс хамгаална.
  • Утас, компьютероо хамтад нь хамгаалах бол Bitdefender Total Security — нэг лицензээр Windows, macOS, Android, iOS.
  • Бүртгэлийн мэдээлэл тань алдагдсан эсэхийг үнэгүй шалгах.

Холбоотой

Эх сурвалж

Энэ заавар тус болсон уу?